Blog
Хүүхдүүдээ багаас нь номонд дурлуулдаг Америкчуудын нууцаас
- 10 сар 15, 2021
- Posted by: admin
- Category: Амьдралын хэв маяг
Гэрийн ойролцоох номын сан Лхагва гариг бүрт сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан ном унших үлгэрийн цагийг зохион байгуулдаг тухай мэдсэн цагаасаа эхлээд 2 настай хүүгээ дагуулаад очиж оролцох болсон. Үлгэрийн цагийн арга хэмжээнд олон хүүхдүүд ээж аавын аль нэг эсвэл асрагчийн хамт ирнэ. Үүнээс Америк аав ээжүүд хүүхдүүдээ багаас нь хэрхэн ном уншихад дуртай болгодог нууцаас мэдэж авснаа блог уншигч аав ээжүүддээ хуваалцъя.
1. Номыг бодит амьдралтай холбож унших дадал суулгах
Хүү бид 2-ыг анх номын сангийн үлгэрийн цагт оролцох өдөр номын сангийн гадаа улаан өнгөтэй гал унтраах машин зогсож байлаа. Удахгүй номын сангийн гадаа үлгэрийн цаг эхэлж номын сангийн ажилчид гал унтраах машинаас бууж ирэх ажилчдын хамт “Fire Truck” буюу Галын машин үлгэрийг хамтдаа хүүхдүүдэд зориулж уншиж өглөө. Ном уншиж байх хооронд ажилчид хүүхэд бүрт гал хамгаалалтын улаан малгай тарааж өгөв. Ном уншиж дуусаад хүүхэд аав ээжүүд галын машин руу очиж жолооны ард сууж, зургаа авахуулж, эргэн тойронд нь хүрч галын машинтай танилцлаа. Үүнээс харахад ном гэдэг амьдралаас бий болдог танин мэдэхэд чухал ач холбогдолтой бүтээл гэдгийг хүүхдүүдэд багаас нь ойлголтыг өгч, илүү ихийг сурч мэдэх урмыг өгч байна. Мөн долоо хоног бүр тогтмол номын санд очиж ном унших дадлыг багаас нь суулгаж байгааг харж болно.
2. Эцэг эх болсон бол хүүхдүүддээ ном уншиж өгөх хариуцлагыг ойлгуулдаг.
Дөнгөж төрсөн нярай хүүхдүүдэд зориулаад 1 сартайгаас нь эхлээд гэрийн хаягаар нь сар бүр хүүхдийн нэрийн хаягтай номыг үнэ төлбөргүй дүүргийн номын сангаас илгээнэ. Нярай хүүхдүүдэд зориулсан ном нь хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан, хуудсыг нь урж идэхээс хамгаалсан хатуу хавтас хуудсуудтай байхаас гадна тод өнгө үзэмжтэй номнууд ирнэ. Хуудас бүр номын агуулгын сонирхолтой зурагтай цөөхөн үг өгүүлбэртэй байна. Үүнийг хүлээж авсан аав ээжүүд хүүхдээ 1 сартай байхаас нь эхлэн ном уншиж өгөх бөгөөд хүүхэд том болох тусмаа ном тэдний амьдралын салшгүй нэг гэдгийг ойлгож, 1болон 2 настай хүүхдүүд номын хуудас эргүүлээд суухыг өөрийн хүүгийн жишээгээс харсан юм. Мөн нярай байхаас нь эхлэн номтой нөхөрлөсөн хүүхдүүд харааны тогтоолтоор 2 нас гэхэд бүх үсэг,тоо, дүрс, өнгө, амьтдыг таньж, тогтоож, хэлж сурсан байсан шүү. Монголд гэрийн хаягаар ном ирэх тохиолдол байхгүй ч гэсэн сард нэг удаа та хүүхдэдээ номын дэлгүүрээс ганц ном авч өгөх юм бол 1 нас хүрэхэд 12 ном, 2 нас хүрэхэд 24 ном гэсээр хөөрхөн номын цуглуулгатай болно шүү дээ.
3. Номыг тод дуугаар чанга хөгжилтэйгөөр уншиж өгөх
Манай хөрш айлын америк ээж гадаа суугаад хүүдээ номыг чангаар өдөр бүр тогтсон цагт уншиж өгдөг байж билээ. Энэ нь хүүхдүүдийн хэл ярианы хөгжилд чухал байсныг сүүлд мэдсэн. Хүүхдүүд хэлд орохдоо аав ээжийнхээ ярьж байгааг дуурайж ярьж сурдаг тул чангаар номыг унших нь үгийг дагаж хэлж, ярих чадвараа сайжруулахад тусалдаг байна. Нэг номыг ганцхан удаа уншаад орхих биш ахин дахин уншиж өгөх хэрэгтэй. Хүүхдүүд 1 нас хүрэхдээ өөрийн гэсэн дуртай номоо олон номнууд дундаас сонгодог болдог юм билээ. Өөрийн дуртай номоо ахин дахин аав ээжээрээ уншуулахыг хүсэх нь өхөөрдөм шүү.
4. Гар утас үзүүлэхийн оронд мэдлэг олгох хүүхдүүдэд зориулсан таблеттэй болгох
Орчин цагт бага насны хүүхдүүдээс эхлээд хүн бүр гар утсыг ашиглаж байна. Ялангуяа аав ээжүүд завгүй үедээ хүүхдүүдээ саатуулахын тулд гар утас бариулаад суулгадаг. Гар утасны оронд хүүхдүүдийн боловсролд туслах хүүхдийн таблетыг хэрэглүүлэх нь илүү үр дүнтэй юм. Хүүхдүүдэд зориулсан сайн таблетэд Amazon хүүхдийн таблет орох ба хүүхдүүдэд зориулсан аудио номнууд, боловсролын контент, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх дасгалууд байдаг. Үүнээс аудио номыг хүүхдүүд сонсоод үг өгүүлбэрийг нь дагаж хэлэх дуртай.
5. Хүүхдүүдийн насанд тохирсон, зөв номыг нь сонгох нь аав ээжийн үүрэг
Хүүхдүүд ном унших дургүй нэг шалтгаан нь хэл яриа ойлгох чадвараас хүнд эсвэл сонирхолгүй номыг уншуулахаас болдог байна. Иймээс гэрийнхээ номын санд хүүхдүүдэд зориулсан олон номын төрлүүдтэй байх хэрэгтэй бөгөөд хүүхдүүд уйдсан үед номын сангаасаа сонирхолтой номыг нь сонгож уншихад нь туслах эсвэл хөгжилтэй номны эхний хэсгээс нь уншиж өгч сонирхолыг нь татаад дараа нь өөрөөр нь уншуулж болох юм.
Хүүхдүүдийн насны онцлог, анги ангид нь тохирох номын олон жагсаалтыг Америкийн сургуулиуд гаргаад аав ээжүүдэд өгдөг. Олон ном дундаас зөв номыг олж уншуулах нь зүйтэй юм.
Та мөн өөрөө хүүхдүүддээ ном уншихыг үлгэрлэн харуулаарай. Зарим хүмүүс ном унших зав огт гарахгүй байна гэдэг боловч зурагт үзэх, сошиал медиагаар хэсүүчлэхэд цаг зориулсан байдаг шүү дээ. Та зурагт үзэхэд цаг зориулж чадаж байгаа бол хүүхдүүддээ ном уншиж өгөх цагийг зориулж чадна гэсэн үг юм шүү.
Үүнээс дүгнэхэд Америкчуудын хүүхдүүдээ ном унших дуртай болгох дадлыг хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн бий болгодог байна.
Хүүхэд залуучуудын хөгжлийн ментор, бизнес менежментийн зөвлөх, дижитал маркетинг менежментийн ментор Т.Гантуяа
АНУ, Вашингтон ДС хотоос