Blog
АНУ-ын их сургууль, коллежид элсэн суралцахад шаардлагатай бичиг баримтууд
- 9 сар 21, 2021
- Posted by: admin
- Category: Америкт суралцах нь
АНУ-ын их сургууль, коллежид элсэн суралцахад тэтгэлэгтэй болон тэтгэлэггүй сурахаас хамааран өөр өөр бичиг баримтуудыг бүрдүүлэх бөгөөд энэ удаа тэтгэлэггүйгээр төлбөрөө төлөөд сурах бол ямар ямар бичиг баримтуудыг бүрдүүлэхийг танилцуулж байна.
Хэрвээ та тэтгэлэгтэйгээр сурах зорилготой байгаа бол ямар бичиг баримт бүрдүүлэх нь хувь хүн тус бүрийн онцлогоос хамаарч өөр байдаг тул үүнийг тусгайлан америкт суралцах бэлтгэл хөтөлбөрүүд болох дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан “PEACE” онлайн хөтөлбөр, залуучуудад зориулсан “Америкт суралцах миний төлөвлөгөө” онлайн хөтөлбөртөө тусгайлан оролцогч бүрийнхээ онцлогт тохируулан зөвлөдөг.
АНУ-д англи хэлний бэлтгэл болон бакалавр, магистрийн хөтөлбөрт суралцагч өөрөө төлбөрөө төлөөд хамрагдах хүсэлтэй бол хамгийн эхэнд сонгосон сургуульдаа өөрийн бичиг баримтуудыг, сургуульдаа элсэн суралцах маягтуудын хамт бөглөж, сургуульдаа илгээнэ.
Үүнд: Бакалавр, магистрийн хөтөлбөрт элсэн суралцах бол:
- Гадаад паспорт- Таныг суралцаж байх хугацаанд гадаад паспортын хугацаа хүчинтэй байх хэрэгтэй.
- Ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээ
- Апостиль гэрчилгээ (Дипломын үнэлгээ хийлгэхэд хэрэг болдог.)
- Бакалаврын диплом, дүнгийн хуулгын хамт
- Дипломоо үнэлүүлэх (Америкийн их сургууль, коллежиудын шаардлагын дагуу дипломын үнэлгээг олон улсын үнэлгээний байгууллагуудаас аль нэгийг нь сонгож хийлгэнэ.)
- Суралцах хугацаандаа сургалтын төлбөр болон амьдран суух зардлаа төлөх боломжтойг нотлох банкны дансны баталгаа. Эсвэл батлан даагчийн мэдээлэл, тодорхойлолт
- Англи хэлний оноо (IELTS эсвэл ТОEFL ) Англи хэлний сургалтанд хамрагдах бол шаардлагагүй.
- Сургуулийн өргөдлийн маягтыг бөглөх (Application Form)
- Бүртгэлийн хураамж төлөх (Application Fee )
- Таныг тодорхойлсон захидал (Сургуулиас хамааран хэдэн тодорхойлолт илгээх нь шалгаална.)
- Гэр бүлээрээ ирэх бол гэр бүлийн гишүүдийн нэмэлт бичиг баримтууд
Бичиг баримтуудаа Монголоос англи руу баталгаат орчуулгын газраар орчуулуулахад болох ба заавал нотариатаар батлуулахыг шаарддаггүй.
Эдгээр бичиг баримтуудыг сонгосон сургуульдаа илгээсний дараагаар бидний нэрлэж заншсанаар сургуулийн урилга буюу албан ёсны нэршил нь “I-20 маягт”-ыг таны өргөдөл гаргасан сургуулиас бэлдэж, илгээнэ. Харин та шуудангийн хайрцагаа бэлдэж, бичиг баримтын илгээлтийн төлбөрөө сургуульдаа төлнө.
Сургуулийн урилгаа хүлээж авсаны дараа АНУ-ын ЭСЯ-нд оюутны виза мэдүүлнэ.
Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Ментор, “Америкт сурч амьдрах боломжууд” номын зохиолч Т.Гантуяа