Blog
Яагаад сурагчид VOLUNTEER хийх нь чухал вэ?
- 9 сар 9, 2021
- Posted by: admin
- Category: Амжилттай суралцах нь
Ирээдүйд АНУ-ын их сургууль, коллежид тэтгэлэгтэйгээр элсэн суралцахаар төлөвлөж байгаа ахлах ангийн сурагчдын англи хэлний IELTS, TOEFL шалгалтын онооны аль нэгийг, SAT эсвэл ACT шалгалтын оноо, өөрийгөө илэрхийлсэн эсээ бичих, ахлах ангийн дундаж голч дүн (GPA) зэргийг сургуулиуд чухалчилж үздэг. Үүнээс гадна хичээлийн бус чөлөөт цагаараа сайн дурын ажилд (volunteer) идэвхитэй оролцдог байх нь АНУ-ын коллежи, их сургуульд элсэн суралцахад нь ихээхэн чухал үзүүлэлт болдог.
Ахлах ангийн сурагчид 9-12 дугаар ангидаа хамгийн багадаа 50-200 цагийн сайн дурын ажлыг хичээлийн бус чөлөөт цагаараа хийсэн байвал сайн хэмээн АНУ-ын коллежи, их сургуулиуд үздэг. Гэхдээ үүнээс өмнө эхлээд чиний сурлагын дүн болон шалгалтын оноонууд юуны түрүүнд чухал шүү.
Сургуулийн өргөдөлийг хүлээн авч буй сургуулийн захиргаа таны хийсэн сайн дурын ажлаас юуг олж харахыг хүсдэг вэ?
АНУ-д суралцах өргөдөл явуулсан сургуулиудаас таны хийсэн сайн дурын ажлаас 3 гол үзүүлэлтийг хардаг бөгөөд сургуулийн элсэн суралцах өргөдөлүүдээс тухайн хүний хийж буй ажилдаа тууштай тогтвортой байсан эсэх, чин хүсэл эрмэлзэл, манлайлах ур чадвар зэргийг олж харж, нээхийг хүсдэг.
1. Тууштай тогтвортой байдал
Сайн дурын ажилд оролцохоор сонгосон тухайн ажлаа хэр зэрэг тогтвортой, урт хугацаанд хийсэн байна вэ? гэдэг маш чухал үзүүлэлт болж өгдөг. Судалгаанаас харахад сургуулийн захиргааны 70 хувь нь хэр зэрэг урт хугацаанд өөрийн сонгон хийж буй сайн дурын ажлаа тогтвортой, үнэнч, тууштай хийснийг, мөн энэ хугацаанд хувь хүний хувьд болон хийж байгаа ажлын хувьд ямар ахиц гарсныг харахыг хүсдэг. Өргөдөл хүлээн авч буй сургуулийн нийт 60 хувь нь сурагчдыг ахлах сургуульд орох үеэс нь эхлэн сайн дурын ажилд оролцож эхэлсэн бол сайн гэж үздэг бол 15 хувь нь ахлах сургуульд орохоосоо өмнө сайн дурын ажилд оролцож эхлэх хэрэгтэй гэж зөвлөдөг байна. Иймээс Америкийн дунд сургуулийн сурагчид өөрийн сонирхож буй ирээдүйн мэргэжлийнхээ дагуу сайн дурын ажилд идэвхитэй оролцох нь бий.
2. Чин хүсэл, эрмэлзлэл, сэтгэл зорилго
Сайн дурын ажлаараа өөрийнхөө ирээдүйд зорьж мөрөөдөж буй мэргэжлээ эзэмшихээр хичээн, туршлага судлан, дадлага хийж байсан туршлагаа харуулах хэрэгтэй. Хэрвээ амьтанд хайртай бол амьтны эмнэлэгт туслах, хэрвээ эмч болох сонирхолтой бол өндөр настан, өвчтэй хүмүүсийг асрах асрамжийн газарт очиж тусалж болно. Өмнө нь дурьдсан шиг өөрийн сонгосон сайн дурын ажилдаа урт удаан хугацаанд тогтвортой ажиллаарай. Ингэснээр таны ирээдүйд ямар хүн болж, ямар мэргэжилтэй болохыг зорьж байгаа, үнэхээр энэ мэргэжилдээ дур сонирхолтой байж, сургуулиа амжилттай төгсөн, нийгэмдээ сайн боловсон хүчин, манлайлагч болох эсэхийг нь батлан харах боломжтой юм.
3. Манлайлалын ур чадвар
Бусдад нөлөөлж, бусдыг удирдаж, аливаа оролцож буй эсвэл зохион байгуулж байгаа ажилдаа идэвхи санаачлагатай, хариуцлагатай хандаж байдгаа харуулж, мөн бусдад үлгэр жишээ, урам зориг өгч чадах манлайлалын ур чадвараа харуулах нь чухал. АНУ-ын Сургуулиудын 50 хувь нь элсэн суралцах хүсэлтэй ирээдүйн оюутнуудаа аливаа зүйлийг анхлан санаачлагч, сайн сайхан өөрчлөлтийг нийгэмдээ авчрах чадварлаг, идэвхитэй, удирдагч манлайлагчдыг хайж байдаг байна.
Харин нэг анхаарах зүйл гэвэл та сайн дурын ажлыг гадаадад тэтгэлэгтэйгээр сурахын тулд, эсвэл өөрөө сонирхолгүй байгаа сайн дурын ажлаа хэн нэгний шахалтаар хийж байгаа бол түүнийг чинь сургуулийн өргөдөл хүлээн авч шалгаж байгаа ажилчид дор нь мэдэх тул сайн дурын ажилд оролцохдоо өөрийн дуртай ажлыг сонгож, урт удаан хугацаанд үргэлжлүүлэн хийхийг зөвлөх байна. Хэрвээ чиний сонгосон сайн дурын ажил чиний хийх ажил биш гэдгийг мэдэрсэн даруйдаа цаг алдалгүй өөр сайн дурын ажлыг сонгоорой. Тухайлбал багш болно гэж боддог байж байгаад хүүхдүүдэд сайн дураараа ном уншиж, бичиг үсэг зааж байхдаа энэ нь өөрийн чинь хийх ажил биш гэж мэдэрвэл өөрт тохирох ажлыг ахин сонгож болно. Жишээ нь эмч болох нь өөрт тань тохирохоор бол үүндээ таарсан хэрэгтэй сайн дурын ажлыг ахин сонгоод үзээрэй. Сайн дурын ажил гэдэг нь чи өөрийгөө хэн болохыг таньж мэдэх аялал гэдгээрээ давуу талтай юм.
Хэрвээ чи хаана хэрхэн Volunteer хийхээ мэдэхгүй байвал бидний зохион байгуулж буй “Хэрхэн Volunteer хийх вэ?” онлайн эвентэд оролцоорой.
“Хэрхэн Volunteer хийх вэ?” онлайн эвентийн талаарх мэдээллийг энд дарж аваарай.