Blog
Англи хэлийг амьдралын хэв маягтай хослуулан сурах нь
- 7 сар 12, 2021
- Posted by: admin
- Category: Амжилттай суралцах нь
Миний хувьд англи хэлийг нэлээд хожуу 30 нас хүрч байж сурч байсан бөгөөд англи хэл надад хорвоо ертөнцийг өөрөөр харахад намайг илүү бүтээлч болгоход, миний амьдралыг өөрчилөхөд ихэд тус болсон хэл гэж боддог.
Олон хүмүүс тэр дундаа ээжүүд надаас хэрхэн англи хэлийг ажил, гэр бүл, хүүхдийн хажуугаар сурах вэ?, хэрхэн англи хэл сурах цагаа зохицуулах вэ? гэж их асуудаг.
Иймээс би өнөөдөр хэрхэн 30 нас гарсан хойноо англи хэлийг сурсан туршлагаа хуваалцах хүсэлтэй байна.
Гэр бүлтэй, хүүхдүүдтэй, давхар ажил хийдэг ээжүүд бид цаг гаргаж англи хэлийг сурна гэдэг ихэд хичээл зүтгэл шаардсан зүйл байдаг юм билээ. Иймээс олон хүмүүс англи хэл дөнгөж сурч эхлээд л буугаад өгчихдөг. Харин би яаж цагаа зохицуулж, сурч болох хэд хэдэн аргыг хуваалцмаар байна.
1. Дан англи хэлний дүрэм судлаж цаг алдахгүй байх
Мэргэжлийн сайн англи хэлний сургуулиуд англи хэлний 5 чадварыг зэрэг эзэмшүүлдэгийг Америкийн англи хэлний сургуульд явж байхдаа мэдэж авч байсан. 5 чадварт нь уншиж ойлгох чадвар, сонсох чадвар, бичих, ярих, дүрэм гээд эдгээр чадварт зэрэг суралцаад явах хэрэгтэй байдаг юм билээ. Дан дүрэм судалснаар англи хэлийг сурдаггүй гэдгийг ойлгож авч байсан. Мэдээж дүрэм бол англи хэлний заавал мэдэх суурь боловч үргэлж зууралдаад байвал хүнийг их залхаадаг учир бусад чадвараа дүрэм сурч байгаа юм шиг зэрэг хөгжүүлэх хэрэгтэй байдаг.
2. Өөрийнхөө дуртай хобби дээрээ тулгуурлан сонсох, ярих чадвараа сайжруулах
Хэрвээ та хоол хийх дуртай бол жин хасах зорилготой байгаа бол хоол хийдэг англи хэл дээрх Youtube бичлэгийг англи хэлээр үзэж болно. Кино үзэх дуртай бол Netflix, HBO, Disney+ зэргээс кино үзэнгээ англи хэлээ сайжруулж болно. Аль болох англи хэлийг өөрийн өдөр тутмын амьдралтайгаа холбож өгөх хэрэгтэй. Гэрээ цэвэрлэж байхдаа англи дуу сонсоод дагаж дуулах, хоол хийхдээ англи хэл дээр хоол хийж байгаа заавартай бичлэг үзэх зэрэг аргууд их үр өгөөжтэй арга байдаг.
3. Урам зориг өгөх кинонууд үзэх
Англи хэл сурна гэдэг тухайн орны соёлыг сурч байж сурдаг гэдэг үнэн санагддаг. Эдгээр соёлыг киноноос мөн телевизийн шоунаас үзэж суралцдаг. Америкийн түүх соёлыг өгүүлсэн кинонууд бол тэр чигтээ урам зориг эрч хүчийг сэргээх кинонууд байдаг.
Англиар сайн сонсон ойлгож сурч байж англиар ярьж сурдаг.
Чөлөөт цагаараа эдгээр кинонуудыг хадмал бичгийг нь тавьж байгаад тухлан үзээрэй.
Таныг англи хэлээ сурахаас залхуурах үед эргэн англи хэлээ сайжруулахад урам зориг бэлэглэх болно.
4. Хүүхдүүдтэйгээ гэртээ англиар ярилцах
Хэрвээ таны хүүхэд англи хэл сурч байгаа бол та мундаг англи хэл сурах хамтрагчтай юм байна. Хүүхдүүд том хүнийг бодоход хурдан англи хэл сурахаас нь гадна маш гоё цэвэрхэн дуудлагатай англиар ярьж сурдаг. Иймээс 7 хоногийн 1-2 өдрийг гэр бүлээрээ англиар ярих өдөр болгох гайхалтай аргыг санал болгоё!
Хүүхдийнхээ англи хэлний хичээлийг хамтдаа хийх, англи хүүхдийн ном хамт унших, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, кинонуудыг хамтдаа үзэх нь англи хэлний мэдлэгтэй тустгайгаас гадна мартагдашгүй сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаа юм шүү.
5. Англи хэлээр өөрийнхөө дуртай номыг унших
Ээжүүд бид завгүй үед ном унших цагийг гаргаж чаддаггүй. Гэхдээ англиар юм уншихгүйгээр англи хэлний чадвар сайжрах боломжгүй юм. Бүүр завгүй үед өдөрт доор хаяж нэг хуудас ном унших нь ямар ч зүйл уншаагүйгээс хамаагүй дээр байх болно. Өнөөдрөөс өдөр бүр дуртай номынхоо нэг хуудсыг унших зорилго тавьж заавал биелүүлээрэй. Номоо уншихдаа тухайн хуудаснаас доод тал нь 3 англи үг цээжилж, нэг өгүүлбэрт ямар ямар дүрэм орсон байгааг ажиглаарай.
Эцэст хэлэхэд та англи хэл сурснаар танд ямар боломжууд бий болох, ямар мөрөөдлүүдээ биелүүлэх хүсэлтэй байна гэдгээ сайтар ухаарч чадвал англи хэлийг өдөр бүр суралцах болно.
Хуулбарлахыг хориглоно.
Залуучуудын Хөгжлийн Ментор Т.Гантуяа