Blog
Та ямар төрлийн суралцагч вэ? 8 төрлөөс өөрийгөө тодорхойлоорой.
- 3 сар 24, 2022
- Posted by: admin
- Category: Амжилттай суралцах нь
Ажил дээр хагас цагийн уулзалтанд та хэдэн өдөр бэлдэж байхад ямар ч бэлтгэлгүй орж ирээд өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлдэг хамт ажилладаг нөхөд байдаг. Хичээлээ хийхгүй явсаар шалгалтын өмнөх өдөр шалгалтанд бэлдээд, амжилттай сайн дүн аваад гараад ирдэг найзууд байдаг. Тэднийг хараад надад ийм чадвар байхгүй яасан юм болоо хэмээн атаархах мөчүүд танд байсан уу?
Эдгээр амжилттай хүмүүсийн нууц нь аливаа зүйлийг хэрхэн сурах арга барилаа аль эрт олсон хүмүүс байж магадгүй юм.
Хүн бүрт суралцах өөр өөр аргууд, өөр өөр хэв маягууд байдаг. Судалгаанаас үзэхэд нийт хүн амын 65% нь аливааг харж, уншиж, бичих аргаар суралцдаг үр дүн гарчээ. Эдгээр хүмүүс аливааг сурахдаа зураг болон дүрсийг харж, бичиж мэдээллийг амархан тогтоодог байна.
Харин өмнө дурдсан таны найз шиг хүнд шалгалтанд нь аз таарч мэддэг зүйлс нь ирсэн байж болох шүү дээ. Эсвэл зарим хүмүүс аливаа зүйлийг нэг удаа сонсоод тогтоох чадвартай байдаг тул сууж хичээл хийх шаардлагагүй байх нь бий.
Сүүлийн үед хүмүүсийн сурах арга барилаар нь 8 өөр төрөл , хэв маягт ангилж байна.
1. Дүрслэх харах (орон зайн): Та зураг, дүрслэл, орон зайн ойлголтыг ашиглахыг илүүд үздэг.
2. Сонсгол (сонсгол, хөгжим): Та дуу, хөгжим ашиглахыг илүүд үздэг.
3. Аман яриагаар (хэл шинжлэл): Та ярих, бичих аргыг ашиглахыг илүүд үздэг.
4. Хүрэх мэдрэмжээр (бие махбодь): Та бие, гараа ашиглахыг илүүд үздэг.
5. Логик (математик): Та логик, үндэслэл, систем ашиглахыг илүүд үздэг.
6. Нийгмийн (хүмүүс хоорондын): Та бүлгээр эсвэл бусад хүмүүстэй хамт сурахыг илүүд үздэг.
7. Ганцаарчилсан (чимээгүй ганцаараа): Та ганцаараа ажиллаж, бие даан судлахыг илүүд үздэг.
8. Унших, бичих (бичмэл текс): Та уншиж бичиж тэмдэглэх аргаар сурахыг илүүд үздэг.
1. Харах аргаар суралцагч
Эдгээр суралцагч хүмүүст аливааг өнгө, байрлал, орон зайн тусламжтайгаар хурдан суралцдаг байна. Ялангуяа оюуны зураглал хийх, Mind Map дасгалыг хийх, диаграм, график, хүснэгт ашиглах нь тэдний хувьд маш үр дүнтэй сурах арга барил юм.
2. Сонсох аргаар суралцагч
Сонсох аргаар суралцагчид дуу, хэмнэл, хөгжим ашигладаг. Дууны бичлэгүүд, сонсох ном (подкаст, аудио ном) зэргийг ашиглаж сурах нь үр дүнтэй. Хэрэв та ямар нэг зүйлийг цээжлэх гэж байгаа бол утсан дээрээ бичиж аваад, өдөржингөө сонсож болно.
3. Аман яриагаар суралцагч
Аман яриагаар суралцагчид ярих, бичихэд тулгуурладаг техник дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Сонсголоор суралцагч нэгний адил аман яриагаар суралцагчид үг, дууны хэмнэлд суурилсан сурах техникийг хамгийн их ашиглах ёстой. Ялангуяа үгнүүдийн эхний үсгийг ашигладаг товчлол хөтлөх гэх мэт аргууд үр дүнтэй байна.
Аман яриагаар үглэж суралцагчид агуулгыг санаж байхын тулд чангаар дуудаж уншин, цээжилж тогтоох хэрэгтэй.
4. Аливааг хүрч мэдэрч суралцагч
Эдгээр суралцагчид нь сурч байгаа зүйлдээ хүрч мэдэрч, хөдөлгөөнтэй байж сурдаг. Тухайлбал инженер мэрэгжилтэй бол судлаж байгаа биесээ задалж угсарч тэмтэрч хүрэх юм бол хурдан сурна гэсэн үг. Флэш карт (Flashcard) ашиглаж суралцах нь мөн үр дүнтэй юм.
5. Локиг суралцагч
Логик сурагчид аливаа зүйлийн цаана байгаа учир шалтгааныг ойлгохыг зорьдог. Агуулгын цаана байгаа нарийн ширийн зүйлийг сайтар ойлгож авбал сурсан зүйлсээ мартана гэж үгүй. Логик суралцагчид сурахдаа жагсаалт, статистик, тоо баримтыг ашиглах хэрэгтэй. Суралцаж буй зүйл нь логикгүй ойлгомжгүй байвал ойлгохын тулд эрэл хайгуул хийж, оюун ухаанаа дайчилж чаддаг. Эдгээр сурагчид заримдаа хэтрүүлэн сэтгэж, аргыг олохгүй мухардалд орох нь бий. Хэрэв ийм зүйл тохиолдвол та зорилгодоо ойртоход анхаарлаа төвлөрүүлэх нь чухал гэдгээ ойлгох хэрэгтэй.
6. Нийгмийн суралцагч
Нийгмийн суралцагчид бусадтай хамтран суралцвал амархан сурдаг. Хэрэв сургуульд сурч байгаа бол анги хамт олонтойгоо хамт суралцаад явах нь хамгийн тохиромжтой юм. Хэрэв ажил хийдэг бол хамтарсан уулзалт, семинарт сууж байхдаа анхаарлаа төвлөрүүлж суралцвал үр дүнтэй байдаг. Өөр нэг арга бол бусдын бүтээл, санааг судлан суралцах арга байж болно.
Нийгмийн суралцагчдын хувьд олны дунд харилцаа холбоотой байж, идэвхитэй байвал сайн суралцагч болж чаддаг.
7. Ганцаараа суралцагч
Ганцаараа байхдаа суралцагчдад нам гүм орчинд, бие даан суралцах чадвартай байх юм бол аливаа зүйлийг хурдан сурдаг. Ганцаараа суралцагчид эцсийн зорилгоо тодорхойлж, яагаад хийж байгаа зүйл чинь чухал болохыг ойлгох юм бол хурдан үр дүн гаргана. Зорилт, зорилго, төлөвлөгөөгөө тодорхойлж, хийх ажлын хуваариа цаг минуттай гаргаж, түүнийгээ ягштал мөрдөж чадвал амжилттай байж чадна. Тэмдэглэл хөтлөх нь ганцаараа бие даан суралцагчдад үзэл бодлоо илэрхийлэх, тухайн сэдвээр итгэлтэйгээр ярихад туслана.
8. Унших, бичих аргаар суралцагч
Энэ бол суралцагчдын хувьд хамгийн түгээмэл үндсэн арга барил юм.
Унших, бичих аргаар суралцагчид бичмэл текстийн тусламжтайгаар хамгийн сайн суралцдаг. Сурч байгаа зүйлсээ бичиж тэмдэглэж авах нь аливааг хурдан сурахад туслана.
Тэдний хувьд график, диаграм эсвэл зураг дүрслэлийг ашиглахад чухал ач холбогдолтой мэдээллийг орхигдуулах магадлалтай тул сургалтын үр дүнгүй арга байж болох юм.
Мөн эдгээр суралцагчдын хувьд уншсан бүх зүйлээ бичиж тэмдэглэж авах гэж цагаа дэмий үрэх хандлагатай байдаг.
Тиймээс тэмдэглэлээ богиносгож, дараа нь цаг хэмнэхийн тулд чухал түлхүүр үгүүдийг сэдвээ уншиж эхлээд, өнгө будгаар тодруулж тэмдэглэх нь үр дүнтэй.
Хэрэв та онлайн сургалтанд хамрагдаж байгаа бол аудио эсвэл видео лекцийн хамт бичсэн текстийг мөн харах хэрэгтэй.
Эдгээр 8 төрлийн сурах арга барилаас танд заавал нэг арга барил нь тохирно гэсэн үг бол биш юм. Эдгээрээс танд ямар ямар арга нь илүү тохиромжтой, илүү үр дүнг өгч байгааг яг одооноос эхлээд туршиж, хэрэгжүүлж үзээрэй. Магадгүй та эдгээр сурах арга барилуудаас хосолсон техникээр сурах нь тохиромжтой байж болох юм. Ганц удаагийн бус олон удаагийн оролдлогоор та өөрийгөө ямар сурах арга барилтай хүн бэ гэдгээ тогтоож чадна гэдэгтэй итгэлтэй байна.
Та эдгээр 8 төрлийн суралцагчаас аль төрөл нь вэ? Сэтгэгдэлээ үлдээгээрэй.😊
Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Ментор Т.Гантуяа