Blog
Яагаад хүүхдүүд гадаад хэлийг амархан сурдаг вэ?
- 3 сар 23, 2022
- Posted by: admin
- Category: Хүүхдийн англи хэл
Олон судлаачид хүүхдүүд гадаад хэлийг шилжилтийн наснаас өмнө, түүнээс эрт сурснаар төрөлх хэл шигээ чөлөөтэй ярьж эзэмшдэг гэж үздэг. Түүнчлэн бага насандаа нэгээс олон хэл сурснаар бусадтай амьдралын турш харилцах харилцааны чадварыг сайжруулж, танин мэдэхүйн хөгжил, бусад орны соёлыг ойлгоход хувь нэмэртэй гэж үзжээ.
Олон судалгаагаар хүүхдүүд гадаад хэлтэй танилцан, сурч эхлэх хамгийн тохиромжтой үе бол арван наснаас өмнө байдаг гэсэн үр дүн гарчээ. Мөн хүүхэд багачууд амьдралын эхний үе шатанд гадаад хэлийг илүү хурдан сурч, эзэмшиж,тогтоож, онцгой сайхан дуудлагатай гадаад хэлийг ярьж эзэмшдэг байна. Суралцагчид бага байх тусмаа шинэ дуу авиаг дуурайхдаа гарамгай байдаг тул өөр хэлийг сайн сурдаг гэдгийг олон жишээнүүдээс харж болно.
Учир нь бидний тархи өсвөр наснаас өмнө шинэ дуу авиа (үг)-д илүү нээлттэй хүлээж авдаг байна. Нөгөөтэйгүүр, ахимаг насны сурагчид “гадаад” аялгагүйгээр шинэ хэлээр ярьж сурах нь туйлын хэцүү байдаг.
Хэдийгээр зарим судалгаагаар 5 хүртэлх насны хүүхэд 5 хүртэлх хэлийг сурч чаддаг болохыг харуулсан ч хоёр хэлээр ярьдаг арга нь бага насны хүүхдүүдэд хамгийн тохиромжтой гэдэгтэй мэргэжилтнүүд санал нийлдэг.
Өнөө үед олон хүүхэд хоёр хэлтэй гэр бүл, орчинд өсөж торниж, улмаар хоёр хэлийг анхлан эзэмшиж байна. Дэлхий даяар хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн хоёр хэлийг нэгэн зэрэг амжилттай сурдаг нь батлагдаад байна.
Хоёр хэлтэй нярай хүүхдүүд анхны үгээ хэлэхээсээ өмнө хоёр хэлээ ялгаж салгаж чаддаг болохыг судалгаагаар нотолсон.Түүнчлэн тэд амьдралын эхний жилд хоёр хэлний дуу авианы дүрслэлийг бий болгож эхэлдэг. Зарим шинжээчид нялх хүүхэд дэлхийн бүх хэлийг ялгах чадвартай гэж үздэг бол нэг хэлийг сонсох туршлага нь (нөгөө хэлээс ялгаатай) тэдний хоорондын ялгааг хадгалахад тусалдаг.
Өөр гадаад хэл болон бусад орнуудын олон хэлээр ярих нь тархины үйл ажиллагаа, танин мэдэхүйд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухааны болон алдартай ном зохиолуудад авч үзсээр байна. Хоёр өөр хэлээр ярьдаг хүмүүс нэг хэлээс нөгөө хэл рүү байнга шилждэг тул нэг хэлтэй харьцуулахад мэдээллийг боловсруулж шинжлэх чадвар сайтай байдаг байна. Энэхүү шилжүүлэгч нь тархины үйл ажиллагааны болон анатомийн өөрчлөлтөөр тогтвортой байдаг гэж үздэг бөгөөд энэ нь эдгээр хүмүүсийн тархины үйл ажиллагааны мэдрэлийн эсийн ялгаа байгааг харуулж байна. Бүр тодруулбал, олон хэлээр ярьдаг хүмүүсийн тархины тодорхой сүлжээнд хуванцар өөрчлөлт орж, олон хэлийг удирдах чадвартай болдог.
Зарим эрдэмтэд хүүхдүүд хэлийг өөрөөр сурдаг боловч насанд хүрсэн хүмүүсээс амархан сурдаг гэж үздэг. Тэдний онцлон тэмдэглэснээр хүүхдүүд ямар үйлдлийг хийж буйгаа мэдэхгүйгээр дуурайн, ухамсаргүй удирддаг тархины хэсгүүдтэй ижил хэсгүүдийг ашиглан хэлийг эзэмшдэг. Тийм ч учраас хүүхдүүд нэг их хичээл зүтгэлгүйгээр үг, хэллэгийг хурдан тогтоож сурдаг байна.
Нөгөөтэйгүүр насанд хүрэгчид нарийн төвөгтэй асуудлыг ойлгох ухамсарлах, оюуны ухаанаа дайчлан гадаад хэлийг суралцах чадвартай байдаг.
Бусад судлаачид бидний тархи хүүхэд нас, өсвөр насандаа гадаад хэлийг байгалийн жамаараа сурахаар бүтээгдсэн гэж үздэг. Нас бүрийн тархины хөгжлийн онцлогоос хамааран хүүхдүүд насанд хүрэгчидтэй харьцуулахад гадаад хэл сурах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Насанд хүрэгчид шинэ үг, хэллэг сурахдаа хүүхдүүдтэй харьцуулахад илүү их цаг зарцуулдаг байна.
Хэл нь дуу авианы систем (өөрөөр хэлбэл авиа зүй), утгын систем (семантик), үг үүсэх дүрэм (морфологи), өгүүлбэр зохиох дүрэм (синтакс) гэсэн дөрвөн хэмжигдэхүүнээс бүрдэнэ. Хэл эзэмшихэд оролцдог өөр өөр дэд системүүд нь хүний хөгжлийн явцаас хамаарч гадаад хэлийг эзэмших хамгийн оновчтой хугацаа нь ялгаатай байдаг гэж үздэг.
Жишээлбэл, нялх хүүхдүүд дуу авиаг таньж байдаг. Хэлний хамгийн жижиг хэсэг болох дуудлагын сегмент нь хүүхэд, насанд хүрэгчдийн хооронд харилцан адилгүй байдаг гэж үздэг бөгөөд энэ нь хүүхдүүд яагаад хэлийг өөр өөрөөр сурдаг, магадгүй илүү хялбар байдаг гэж тайлбарладаг. Мэдрэлийн судалгаагаар тархины хагас бөмбөлгүүдийн кортикал дарааллын ялгаатай байдлаас шалтгаалан хүүхэд болон насанд хүрэгчдийн сонсголын процессын ялгааг харуулсан. Саяхны нэгэн судалгаагаар Голланд хэлээр ярьдаг насанд хүрэгчид болон 9 настай хүүхдүүд Голланд хэлний фонотактикт нийцсэн шинэ үгсийн дарааллыг хурдан давтах чадварыг судалжээ. Фонотатик гэдэг нь хэлэнд тохиолдож болох дарааллын авиа зүйн дүрмийг хэлдэг. Энэхүү судалгаагаар хүүхдүүд туршилтын эхний өдрөөс л шинэ фонотактикийг үр дүнтэй сурч эхэлсэн бол насанд хүрэгчдэд ижил үр дүнд хүрэхийн тулд 2 хоног зарцуулсан байна.
Эрт үеийн судалгаагаар ч гэсэн бэлгийн бойжилт эхлэхээс өмнө болон дараа нь хэлийг өөр өөрөөр сурдаг болохыг харуулж байна. Тодруулбал 1960-аад оны сүүлчээр нэгэн эрдэмтэн гадаад хэлийг зөвхөн төрөлтөөс бэлгийн бойжилтын хоорондох үед эзэмшихэд илүү тохиромжтой. Иймээс энэ насанд гадаад хэл сурахыг санал болгожээ.
Нас ахих тусам гадаад хэл сурах чадвар удааширдаг ч бүүр сурч чадахгүй гэсэн үг биш юм. Насанд хүрэгчдийн хувьд гадаад хэлийг эзэмшихэд бага зэрэг тэвчээр, хүчин чармайлт, цаг хугацаа шаардлагатайг дээрх судалгаанууд харуулж байна.
Хүүхдүүдэд зориулсан “All Star” англи хэлний клубтай танилцах
Хүүхэд залуучуудын хөгжлийн ментор, англи хэлний орчуулагч, багш Т.Гантуяа
References
Ghasemi, B., Hashemi, M. (2011). Foreign Language Learning During Childhood. Procedia – Social and Behavioral Sciences. 28: 872-876. doi: 10.1016/j.sbspro.2011.11.160
Werker, J.F., Byers-Heinlein, K. (2008). Bilingualism in infancy: first steps in perception and comprehension. Trends in Cognitive Sciences. 12(4): 144-151. doi: 10.1016/j.tics.2008.01.008.
Van de Putte, E., De Baene, W., García-Pentón, L., Woumans, E., Dijkgraaf, A., Duyck, W. (2017). Anatomical and functional changes in the brain after simultaneous interpreting training: A longitudinal study. Cortex. 99: 243-257. doi: 10.1016/j.cortex.2017.11.024
Nora, A., Karvonen, L., Renvall, H., Parviainen, T., Kim, J.Y., Service, E, Salmelin, R. (2017). Children show right-lateralized effects of spoken word-form learning. PLoS One. 12(2): e0171034. doi: 10.1371/journal.pone.0171034
Smalle, E.H.M., Muylle, M., Szmalec, A., Duyck, W. (2017). The different time course of phonotactic constraint learning in children and adults: Evidence from speech errors. Journal of Experimental Psychology. Learning, Memory and Cognition. 43(11): 1821-1827. doi: 10.1037/xlm0000405
Johnson, J.S., Newport, E.L. (1989). Critical period effects in second language learning: the influence of maturational state on the acquisition of English as a second language. Cognitive Psychology. 21(1): 60-99. PMID: 2920538