Blog
Гэрээсээ үр дүнтэй суралцах 8 арга
- 7 сар 12, 2021
- Posted by: admin
- Category: Амжилттай суралцах нь
Гэртээ хичээлээ хийгээд суухад тохь тухтай байхаас гадна багш хичээл хий гэж шахаж шаардахгүй нь сайхан. Гэвч гэртээ хичээлээ хийгээд эхлэхэд анхаарал сарних, хийх хичээлээ дараа болъё гэж хойшлуулах гээд төвлөрч суухад хэцүү байдаг.
Өдрийн зорилгоо биелүүлэх, даалгаваруудаа хийж дуусахад саад болдог зүйлсэд зурагт үзэх, хэсэг дуг хийх, утсаа оролдож сошиал медиад цагаа өнгөрөөх зэрэг ордог.
Тэгвэл гэртээ бүтээлчээр сурахад туслах 8 аргын талаар хуваалцъя.
1. Идэвхитэй суралц!
Идэхитэй суралцахын тулд бүх анхаарлаа хичээлдээ төвлөрүүлэх хэрэгтэй. Хичээлдээ төвлөрөх хамгийн сайн аргууд бол асуулт асуух байдаг. Хичээлээ судлаж эхлэхээс өмнө, сурч байх хугацаандаа болон дараа юу сурснаа асуултаар асуух нь анхаарал төвлөрөхөд нэн тустай юм. Энэ нь хичээлийн чиглэлийг өгөхөд туслах төдийгүй цаашдын хичээлийн явцыг хэрхэн сайжруулах талаар эргэцүүлэн бодоход тусалдаг.
Хичээлийнхээ сэдвийг судлахаасаа өмнө өөрөөсөө асуух асуултууд:
Би юу сурах гэж байна вэ?
Энэ сэдвийн талаар би юумэддэг байсан бэ?
Хичээлээ судлаж давтаж байх үедээ өөрөөсөө асуух асуултууд:
Би дөнгөж сая уншсан зүйлээсээ юуойлгож авсан бэ?
Би үүнийг орчуулж болох уу? Үүнийг юу гэж ойлгох вэ?
Надад бичих шаардлагатай түлхүүр үгс эсвэл санаанууд байна уу? Эдгээр үг, санаа яагаад чухал вэ?
Хичээлээ судлаж дууссаны дараа өөрөөсөө асуух асуултууд:
Энэ хичээлийн үеэр би юу ойлгож авсанбэ?
Дараагийн удаа юу үзэх, сурах хэрэгтэй вэ?
Би юуг цээжлэн, тогтоох хэрэгтэй вэ?
2. Шөнө сайхан унтаж, амрах
Бүх насны оюутан сурагчид сурах хугацаандаа шөнө доод тал нь найман цаг унтах ёстой. Энэ нь тархи сэргээгдэх, өдрийн турш мэдсэн бүх мэдээллийг боловсруулахад туслах хамгийн сайн арга юм.
Шалгалт өгөх өдрийн өмнөх шөнө сайхан унтаж амрах нь танд илүү анхаарал төвлөрөх чадварыг өгдөг учир санах ойг сайжруулж, шалгалтаа амжилттай өгөхөд сайтар туслах болно.
3. Зөв цагтаа суралц!
Хүн бүрт өөрийн гэсэн бүтээмж сайтай цаг мөн бүтээмж муутай цаг гэж бий. Зарим хүмүүс шөнийн шар шувуу шиг шөнө суралцах дуртай байхад зарим хүмүүс өглөөг илүүд үздэг. Өдрийн цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, тархины хүч чадал нь дээд түвшинд хүрч ажиллахгүй байгаа үедээ өөрийгөө хүчээр дайчлах хэрэггүй. Өөрийн бүтээмжтэй суралцаж чадах цагаа тодорхойлоод тэр цагийг давуу тал болгон ашиглаж суралцах хэрэгтэй. Ингэснээр мэдээллийг эмх цэгцтэй боловсруулж, хичээлээ тархиндаа тогтооход нэн тустай.
4. Суралцахдаа зориулан өөрийн гэсэн булантай болох
Гал тогооны өрөөний ширээ, унтлагын өрөөний ширээ аль нь ч бай суралцах зориулалттай буланг байгуулаарай. Орыг зөвхөн унтахдаа л хэрэглэнэ. Сурч байхдаа орон дээр суухад нойр хүрч, унтах гээд байдаг тул үүнээс зайлсхийж, нойр хүрэхгүй байх хичээлээ сууж хийх булантай байх хэрэгтэй юм. Сурч судлахад илүү их цаг зарцуулах тул хичээлийнхээ буланг цэвэр, цэгцтэй байлгаарай.
5. Зөв хооллоорой.
Хичээлээ хийж эхлэхээс өмнө идэхээ бүү мартаарай! Таны бие мөн таны тархи дээд түвшинд ажиллахын тулд түлш хэрэгтэй. Ходоод хоосон дугараад байхад анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байдаг. Сурч байх үедээ бага зэрэг самар, зууш идэж болох боловч, түүнийг бэлдэхэд хэт их цаг зарцуулахгүйн тулд тэдгээрийг урьдчилан бэлтгэсэн эсэхийг шалгаарай. Хичээл хийх үедээ идэх зүйл бэлдэх гэж цаг хугацааг өнгөрөөх нь анхаарал сарниулах тул үүнээс зайлхийх хэрэгтэй.
6. Гэрийн ажил болон бусад ажилдаа анхаарлаа сарниулахыг бүү зөвшөөр.
Хичээлээ хийж эхлэхээс өмнө өөрийн өдрийн цагийн хуваарийг харж гэрийн ажил, хичээлийн цагийг төлөвлөх нь чухал. Тухайн өдөр хийх ёстой ажлын жагсаалтыг гаргах, хийх ёсгүй ажлын жагсаалтыг гаргах нь анхаарлаа хичээлдээ сайн төвлөрүүлэхэд ихэд тустай юм. Ажлаа дутуу хийчихээд хичээлээ хийж эхлэхэд дутуу ажилдаа санаа зовсоноос анхаарал төвлөрөхгүй байх тохиолдол байдаг. Иймээс өдрийн тогтсон цагийн хуваарийг зохиогоорой. Үүнийгээ гэрийхэндээ мөн танилцуулаарай.
7. Хичээлийн цагийн хуваарь зохиох
Хичээлийн цагийн хуваарьтай байх нь таны цагийг зохион байгуулах, завсарлага авах, өдрийн хоолоо идэх зэргээ зохицуулахад хэрэгтэй. Ялангуяа олон хичээл судлах шаардлагатай бол зайлшгүй хичээлийн цагийн хуваарь зохиогоорой.
8. Сэрүүлэг ашиглах
Хичээлийнхээ цагийн хуваарийг дагаж мөрдөхөд тань цаг хэмжигч буюу сэрүүлэг туслах болно. Цаг хэмжигч тохируулах нь хичээл дээрээ төвлөрч, сэрүүлэг дуугарах хүртэл тууштай ажиллахад туслах бөгөөд шаардлагатай судлах бүх хичээлийг үзэж дуусахад туслана. Энэ нь таны хичээлийн цаг, завсарлага, амралт, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд хэрэгтэй.
Гэртээ сурч боловсрох нь таатай боловч анхаарал сарних, ажлаа хойш тавих, биеэ дайчлахгүй байх зэрэг сул талуудтай. Иймээс бага зэрэг төлөвлөлт, зохион байгуулалттай байх юм бол үр дүнтэй суралцах боломжтой юм. Гэртээ суралцахад туслах энэхүү зөвлөмжүүдийг ашиглаад хичээлийн цагийг илүү үр дүнтэй өнгөрүүлээрэй.